“Малчдадаа тусалъя сайн санааны аян”-д нэгдэж хандив өглөө

Улс орон даяар Монгол улсын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна.
Замын-Үүд сумын зүгээс мал аж ахуйн өрхийн өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм, эд материалын тусламж үзүүлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд “Малчдадаа тусалъя сайн санааны аян”-г өрнүүлж байна.
Тус сайн санааны аянд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Хандивыг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд сумын улаан загалмайн анхан шатны хорооны дарга Н.Алдарбаярт гардуулан өглөө.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА