“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ажлын түвшний уулзалт хийгдлээ

Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхны хуралдааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр талын Ажлын түвшний уулзалтыг /2024.04.09/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгууллаа.

Тус уулзалтыг Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим ахлан “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хоёр талын Ажлын түвшний уулзалтаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд хоёр тал чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулан боловсруулж эцэслэх, хил холбох цэгийн байршлыг яаралтай тогтоох, хоёр талд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулах ажлуудыг хэлэлцэн тохирлоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА