Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар хилийн байгууллагуудын хяналт удирдлагын нэгдсэн цахим систем хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ба өнөөдөр тус ажлын хэсгийн хурал /2024.04.30/ Эдийн засаг, хөгжлийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хуралд ажлын хэсгийн гишүүд болох Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл оролцлоо.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар нээж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат “Хилийн байгууллагуудын хяналт удирдлагын нэгдсэн цахим систем хөгжүүлэлт”-ийн талаарх танилцуулгыг хийж ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн хурлаар “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд мэдээллийн технологийн шийдэлд суурилсан хилийн байгууллагуудын нэгдсэн цахим систем хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, дэмжлэг үзүүлж, дүгнэлт гаргах зэрэг ажлыг хэлэлцэв.
Хурлын төгсгөлд гишүүд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хилийн байгууллагуудын цахим төслүүдтэй уялдуулах талаар харилцан санал солилцож, ажлын даалгаврыг эцэслэн батлуулах талаар санал нэгдлээ.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА