“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр албан уулзалт хийгдлээ

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан уулзалт хийгдлээ.

Тус уулзалтад Монгол талаас “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат, БНХАУ-ын талаас Эрээн хотын Засаг даргын орлогч Лай Шянхуа болон хоёр талын холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Талууд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үндсэн гол замын улсын хил огтлон гарах цэг, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хоёр тал хамтарсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эцэслэн батлуулах, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурлын товыг зөвшилцөж зохион байгуулах, үндсэн гол замын улсын хил огтлон гарах цэгийг тогтоох ажлыг эрчимжүүлэн ажиллахаар тохиров.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА