Онцгой байдал, Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох албаны төлөөллүүд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай 2024 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр танилцлаа.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр, хэрэгжүүлж буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Албан айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийн бүс нутгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа тул сум орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах” талаар онцоллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА