Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 280 дугаар тогтоолоор, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг Гадаад харилцааны сайдын 2022 оны А/69 дүгээр тушаалаар тус тус баталсан.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын А/51 тушаалаар Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдсан. Тус бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн нийт 30 гаруй удирдах албан тушаалтан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүний хурлыг /2024.09.11/ Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулав.
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулан хурлын үйл ажиллагааг нээлээ.
Хурлын үеэр “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат гишүүдэд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.
Гишүүд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааны бүсийн Монгол талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тохирох, бүсийг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцлоо.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын бүрэлдэхүүнд орсон төлөөллүүдийг өөрсдийн эрхлэх асуудал, чиглэлийн хүрээнд зөвлөмж өгөх, хэлэлцсэн асуудлыг асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллах үүргийг тус тус өглөө.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА