БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүлэгч Цог тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эрчимжүүлэх ажлын хүрээнд  Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын дарга Б.Мөнх-Оргил  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүлэгч Цог тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.24/ Төрийн ордны хурлын танхимд хүлээн авч уулзлаа.

Монголын талаас Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа ерөнхий консул, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улс төрийн зөвлөл, Эрээн хотын дэд дарга, Эрээн хотын Соёл, аялал жуулчлал, радио телевизийн газар, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн ажлын хэсэг, Эрээн хотын Ардын засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх хэлтэс, Эрээн хотын худалдааг дэмжих хороо, Ерөнхий консул, Дэд консул, Худалдааг дэмжих хорооны төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар хоёр тал Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагаа эрчимжиж буйг цохон тэмдэглээд  хэлэлцээрийн дагуу Хамтын ажиллагааны бүсийн Монгол талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын талтай уялдуулан боловсруулах, хоёр улсын чөлөөт бүсийг хооронд нь  хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийг огтлон гарах цэгийн байршил, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурлыг товлон хуралдуулах ажлыг хамтран зохион байгуулах, хөрөнгө оруулалт татах, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг туршилтаар нээх асуудлуудыг ярилцаж, харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын дарга Б.Мөнх-Оргил “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дараагийн түвшний уулзалтуудын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр өнөөдөр та бүхнийг хүрэлцэн ирсэнд талархаж байна. Цаашид бид төлөвлөсөн ажлуудаа хамтран амжилттай хийж, гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА