“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Хамтын ажиллагааны бүсийн Монгол талын Хамтарсан менежментийн зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар 2024 оны 11 дүгээр сард баталсан бөгөөд бүрэлдэхүүний анхдугаар хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа.
Монгол талын Хамтарсан менежментийн зөвлөлийн дарга бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Д.Дамдинцэрэн хурлын үйл ажиллагааг нээж, гишүүдэд хурлаар хэлэлцэх асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
Хурлын төгсгөлд гишүүд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эрчимжүүлэх чиглэлээр хилийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулж, бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хил дамнасан байгууламжаар холбох улмаар 2025 оны 03 дугаар улиралд багтаан Хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн бэлтгэл ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлаар тухай бүр хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА