Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргалаар ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд /2025.12.24/ ажиллалаа.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатар болон удирдлагууд бүсийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, хэрэгжиж буй төслийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. Мөн чөлөөт бүсэд хийгдсэн дэд бүтцийн ажлууд болох дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж ариутгах татуурга, авто замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцуулан ашиглалтын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэрАхлах зөвлөх А.Даваажаргал сумаас “Замын-Үүд”  чөлөөт бүс рүү татсан дулааны шугамын эвдрэл гэмтэлтэй газар дээр нь танилцаж, гарсан гэмтлийг засварлахад шаардлагатай  арга хэмжээний талаар санал боловсруулж ирүүлэхийг “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захирал  О.Төмөрхуягт үүрэг болголоо.

Түүнчлэн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцан тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг сонсон  үүсэж буй асуудлуудыг Захирагчийн Ажлын албаны зүгээс тухай бүр шийдвэрлэн ажиллах чиглэлийг өгөв.

Тэрээр “Замын-Үүд” чөлөөт бүс нь хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болон хөгжих ажлыг эрчимжүүлэхэд  Шадар сайд болон түүний Ажлын албанаас бүхий л талаар дэмжин ажиллаж буйгаа илэрхийллээ.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА