“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн эрчимжүүлэх зорилгоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатар, Захирагчийн Ажлын албаны дарга Б.Сэргэлэн нар БНХАУ-ын Эрээн хотын Засаг дарга Ма Хай Тао болон Эрээн хотын чөлөөт бүсийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд хоёр тал хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцож, БНХАУ-ын “Эрээн хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй цахиурын элс боловсруулах “Ёоужин” компани, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн “IME” төрийн өмчит компанийн Эрээн хот дахь салхины эрчим хүчний цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав.
Мөн хөрөнгө оруулалт хийх сонирхолтой “ЕNN” групп (Шинь Ао) компанитай уулзалт хийж, бүсийн үйл ажиллагаа дэд бүтэц, хууль эрх зүйн орчны мэдээллийг өглөө.
Уулзалтын төгсгөлд талууд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хил холболтын ажлыг эрчимжүүлэх, 2026 онд хөрөнгө оруулалт татах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА










