Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Хамтын ажиллагааны бүсийн Монгол талын Хамтарсан менежментийн зөвлөл байгуулагдсан.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар 2024 оны 11 дүгээр сард баталсан бөгөөд бүрэлдэхүүний анхдугаар хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, хоёрдугаар хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа.
Монгол талын Хамтарсан менежментийн зөвлөлийн дарга бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатар хурлын үйл ажиллагааг нээж, зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан албан тушаалтнууд өөрчлөгдөн шинээр томилогдсонтой холбогдуулан зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, хамтран ажиллах гэрээ болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах арга хэмжээнүүдийг харилцан ярилцаж, санал солилцов.
Тус хурлаар “Замын-Үүд” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанд “долоо хоног бүрийн баасан гарагийн амралтын өдрийг ажлын өдөр болгож, амралтын өдрийг даваа гарагт шилжүүлэх хүсэлт” гаргасныг зөвлөлийн гишүүдэд танилцуулан хэлэлцүүлж, холбогдох гишүүдээс саналыг авч, амралтын өдрийг нэг дэх өдөр болгох шийдвэр гаргав. Уг ажилтай холбогдуулан Захирамж гарган албажуулж, бүс дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.
Мөн бүсэд худалдаалагдаж буй зарим бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Шадар сайдын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторид хүргүүлж шинжилгээнд хамруулах, хяналт шалгалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийхээр төлөвлөн ажиллалаа.


“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА










