ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХООР МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“Замын-Үүд” чөлөөт бүсэд төсөл сонгон шалгаруулалтаар газар авч гэрээнд заасан хугацаанд бүтээн байгуулалт хийгээгүй 33 аж ахуйн нэгжүүдэд Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасах талаар хуулийн хүрээнд мэдэгдэл хүргүүлсэн.

Дээрх мэдэгдэл хүлээн авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Эморс констракшн чөлөөт бүс” ХХК, “Маргад асгат чөлөөт бүс” ХХК, “Тэргэл-Орд” ХХК, “Говийн наран өргөө чөлөөт бүс” ХХК, “Эй Си Даблью логистик чөлөөт бүс” ХХК, “ГЭПБ чөлөөт бүс”ХХК, “Вүүдхаус констракшн”ХХК, “Саруул Хангай чөлөөт бүс” ХХК, “Ногоон бүс хөрөнгө оруулалтын зөвлөл” ТББ-ийн холбогдох албан тушаалтнуудыг Захирагч Т.Есөнтөмөр /2026.06.11/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш тогтоосон хугацаанд гэрээнд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй шалтгаан болон тулгарсан асуудлуудынхаа талаар ярьж, санал бодлоо илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Захирагч Т.Есөнтөмөр хүрэлцэн ирж холбогдох асуудал болон санал хэлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Монгол Улсын Засгийн газар, Захирагчийн ажлын албаны зүгээс идэвхтэй ажиллаж байгаа талаар дурдан, “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.5.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн мэдэгдэл хүргүүлсэн тул албан ёсны тайлбарыг албан бичгээр ирүүлэхийг хүсэж, гаргасан хүсэлт саналын дагуу дүн шинжилгээ хийн, хуулийн хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллахаа онцоллоо.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА