ЗАХИРАГЧ Т.ЕСӨНТӨМӨР БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭНТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Кэ Юушэнтэй /2026.07.23/ танилцах уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал тэр дундаа Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хил холболтын цэгийг тохирох асуудлаарх нөхцөл байдлын талаар хоёр тал дипломат шугамаар шийдвэрлэхээр хэлэлцэж буйг танилцуулав. 

Мөн тус хамтын ажиллагааны бүсийг түр гарцаар нээх асуудлыг хоёр улсын хамтын ажиллагааны бүсийн Менежментийн зөвлөлийн түвшинд харилцан зөвшилцөн тус тусын холбогдох яамд, газруудын саналыг авч ажилласан ч манай талаас түр гарц нээх асуудал нь хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгагдаагүй учир цаашид талууд хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх боломжтой гэдгийг албан ёсоор мэдээлж, мөн харин хил орчмын аялал жуулчлалыг идэвхитэй хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий консул Кэ Юушэн “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг дэмжих нь бидний хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” -ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс бүх шатанд онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд цаашид “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжих болно” гэдгийг онцоллоо.

Уулзалтад манай талаас “Замын-Үүд” чөлөөт бүсийн  мэргэжилтэн Ш.Ихбаяр, Б.Номин-Эрдэнэ нар байлцлаа. 

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА