“СИН ГУАН НҮҮРСНИЙ ГРУПП” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Замын-Үүд” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын Өвөр Монголын “Син Гуан нүүрсний групп” ХХК-ийн удирдлагууд /2026.07.23/ чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.


“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Т.Есөнтөмөр БНХАУ-ын Өвөр Монголын “Син Гуан нүүрсний групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Гао Вэнжы, тус группийн харьяа Юньчантун нүүрс тээвэр, борлуулалтын компанийн ерөнхий захирал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Захирагч Т.Есөнтөмөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, газар ашиглалт, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт бүсэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай инженерийн дэд бүтцийн нөхцөл, төсөл хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, бүртгүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалж, хамтран ажиллах боломжийг судлан үзэхийг хүсэв.
“Син Гуан нүүрсний групп” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэх 60 аж үйлдвэрийн нэг ба орон нутгийн бодлогын дэмжлэгтэйгээр нүүрс олборлолт, эрчим хүч, цементийн үйлдвэрлэл, архи үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 40 тэрбум юанийн хөрөнгөтэй томоохон аж ахуйн нэгж юм.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА