ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН АЛБАН ХААГЧИД  АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Замын-Үүд”, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн албан хаагчид өнөөдөр /2026.09.16/ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс, ажилтан, комиссар М.Жамъянчойжил нар “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлигын гэмт хэрэг” гэсэн сэдвүүдээр хийж, албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сургалтаар албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомж, нийтийн албан тушаалтны үүрэг, хориглолт, хязгаарлалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эрсдэлийг бууруулах, албан хаагчдын ёс зүй болон авлигын эсрэг үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авч мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

Сургалтын төгсгөлд чөлөөт бүсүүдийн албан хаагчид хууль тогтоомжийг өдөр тутмын ажил амьдралдаа хэрхэн зөв хэрэгжүүлэх, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн үйлчилгээг шударга, ил тод, хариуцлагатай хүргэхэд анхаарах тал дээр  харилцан ярилцаж, асуулт хариулт явуулж, санал солилцлоо.

Тус сургалт чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА